“Яргуй-2019” хүүхдийн урлагийн их наадамд ЕБ-ын 17 сургуулийн 360 гаруй сурагч оролцож байна



Ховд аймгийн ГБХЗХГ санаачлан аймгийн ЗДТГ, БСУГ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн 1-11 дүгээр ангийн сурагчдын дунд "Яргуй-2019" хүүхдийн урлагийн их наадмыг  энэ сарын 18, 19-нд "Хүүхэд, залуучуудын ордон"-д зохион байгуулж байна. Яргуй хүүхдийн урлагийн их наадмыг  хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн  өв санг эзэмшүүлэх,  түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран бүтээл туурвих боломжийг бүрдүүлэх, үндэсний соёл урлаг, зан заншлаар бахархах  үзлийг төлөвшүүлэх зорилгоор 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулдгаараа онцлогтой. Энэ удаагийн наадамд Жаргалант,  Чандмань, Мөст, Буянт, Дуут, Цэцэг, Мөнххайрхан, Дөргөн, Алтай, Ховд гэсэн 10 сумын ерөнхий боловсролын 17 сургуулийн 360 гаруй сурагч оролцож, авьяас, ур чадвараа сорин өрсөлдөж байна.



Тус урлагийн наадам  үндэсний болон ардын язгуур урлаг, орчин үеийн ба сонгодог урлаг гэсэн хоёр төрлөөр явагдаж байна. Энэ хүрээнд оролцогчид  бэсрэг болон уртын дуу,  бий биелгээ, уран нугаралт, хөгжим, хөөмий, туульс магтаал, хархираа, исгэрээ, бүжиг, хөгжим, ахуйн буюу хүүхдийн сэдэвт зохиомж зэрэг  бэлтгэсэн үзүүлбэрээ сугалааны дагуу үзэгчдийн хүртээл болгохийн зэрэгцээ соёл урлагийн салбарын мэргэжлийн таван шүүгч оноогоор дүгнэн ажиллаж байна. Наадмын шилдэг оролцогчид ирэх тавдугаар сард Говь-Алтай аймагт болох “Баруун бүсийн хүүхдийн урлагийн их наадам”-д аймаг орон нутгаа төлөөлөн оролцох эрхийн бичиг гардан авах юм.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ