Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас
"Хаврын бүтээлч хөдөлмөрийн аян-2019"-ыг энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна. Тус аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр аймгийн төв талбайд боллоо. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд, сумын Засаг дарга Ц.Ганданповрон, сумын Засаг даргын орлогч Ц.Цогтбаяр, Ц.Лувсанлхамо нар оролцож, хаврын бүтээлч хөдөлмөрийн аяны онцлог, зорилго, зорилтыг иргэд, олон нийтэд танилцуулан, уг аянд идэвхтэй оролцохыг уриалав.
Ховд хотын Хаврын бүтээлч хөдөлмөрийн аяны хүрээнд 18 төрлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд 70 орчим төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж оролцох ба Жаргалант сумын 12 багийн иргэд оролцоно. “Бидний зүтгэлд –таны оролцоо” уриан дор хэрэгжиж буй тус аяны үндсэн үйл ажиллагаа долоон хоногийн пүрэв гариг бүр хэрэгжих ба төлөвлөгөөний дагуу маргааш “Хотын төв малын бэлчээр биш” сэдэвт мал журамлах ажлаар үргэлжлэх юм.
Цаашид Ховд хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Гялгар цаас цэцэг биш” уриатай хог цэвэрлэгээний ажил болон мод тарих, үерийн даланг чулуугаар доторлох, усны суваг шуудууг сэргээх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг хийх зэрэг ажлуудыг төлөвлөж байна.