Ховд аймагт Сонсголын бэрхшээлтэй 200 гаруй иргэн бий



Ховд аймгийн хэмжээнд 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн судалгаа бий. Үүний 212 буюу 10%-ийг нь сонсголын бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Ховд аймгийн ХХҮГ, ГБХЗХГ-аас 3-р сарын 19-ний өдөр сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд эрх тэгш оролцон амьдрахад нь тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх гарц, шийдлийн талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймаг, орон нутгийн удирдлагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, аймгийн сонсголын бэрхшээлтэй иргэд оролцож харилцан ярилцаж, санал солилцов. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд албан байгууллагуудын ажилчидтай дохионы хэлээр харилцан ойлголцож хэрэгцээт мэдээлэл авах, дохионы хэлээ сайжруулж хамтдаа сурч хөгжих зориулалт бүхий сургалтын өрөө танхимтай болох, мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэн боловсролын түвшингээ ахиулах, нийгмийн амьдралд ижил тэгш оролцон ажил хөдөлмөр эрхлэхэд нь тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжин тусалж, хамтран ажиллахыг аймгийн удирдлагууд, байгууллагын дарга, мэргэжилтнүүдээс хүсэв.


Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Ч.Уранчимэг нар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа СБИ-д чиглэсэн төрийн бодлого шийдвэрүүд, авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн тэдний санал хүсэлтийг цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахаа илэрхийлж, салбар байгууллагын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө.

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ