Ховд хотын эрчүүд 100 орчим куб метр хог цэвэрлэлээ



Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагуудын санаачлагыг дэмжиж аймгийн Засаг даргын захирамжаар Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан “Хоггүй хотод амьдарцгаая-Аавууд хогондоо” сарын аяныг зохион байгууллаа. 1 дүгээр сарын 07-оос эхэлсэн уг аяны хүрээнд албан байгууллагуудын эрчүүд иргэнийхээ үүргийг гүйцэтгэн ойр орчныхоо хог хаягдлыг цэвэрлэсэн бол 01-р сарын 30-31 ний өдрүүдэд Жаргалант сумын 12 багийн эрчүүд хогондоо гарчээ. Аяны хаалт болгож аймгийн ИТХ, ЗДТГ гээд төрийн захиргаа, төрийн үйлчилгээний 63 байгууллагын эрчүүд “ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН ШИНЭЛЦГЭЭЕ” уриан дор нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ. Аяны хүрээнд ойролцоогоор 100 куб метр хогийг цэвэрлэсэн байна.



Сар шинийн баярыг угтан зохион байгуулсан “Хоггүй хотод амьдарцгаая-Аавууд хогондоо” аянд аймаг, сумын удирдлагууд ч мөн нэгдэн иргэнийхээ үүргийг биелүүлж гар бие оролцлоо. Өөрөөр хэлбэл Жаргалант сумын ЗДТГ, Хотын захирагчийн ажлын албанаас гаргасан хуваарийн дагуу төв 4 зам, Шар 24 айлын орон сууц, Төв халуун уснаас урагш зам дагуу, захын урд хэсгийн хог хаягдлыг аймгийн Төрийн захиргааны байгууллагын албан хаагчид цэвэрлэлээ. Нийтийг хамарсан энэхүү цэвэрлэгээний ажилд ЗХ-ний 123-р ангийн нийт бие бүрэлдээхүүн оролцож зарим орон сууцны гаднах орчин, төв талбай орчмын хогийг цэвэрлэсэн байна. Хотоо цэвэрхэн байлгаж эрүүл орчинд амьдрахын тулд иргэн та иргэнийхээ үүргийг ухамсарлан ядаж л татсан тамхины иш, идсэн чихрийн цаасаа хогийн саванд хийгээд сурчих хэрэгтэй юм. “Хоггүй хотод амьдарцгаая” аяныг зөвхөн сар шинийн баярыг угтан зохион байгуулаад орхих биш цаашид сар, улирал тутамд уламжлал болгон явуулахаар төлөвлөж байна. 
“Хоггүй цэвэрхэн шинэлцгээе”





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ