17-р жарны “Тийн Урвуулагч” хэмээх Шороон Гахай жилийн сар шинийн босгон дээр Манхан сумын Баян гол багийн малчин Гомбоогийн Уртнасан “Аймгийн аварга малчин” цол хүртэж, энэ сарын 30-ны өдөр шагналаа гардан авлаа. Аваргын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч, баяр хүргэсэн юм.
Малчин Гомбоогийн Уртнасангийнх “Хар ус нуурын хөвөө”-нд өвөлжиж байна. Тэрбээр 1987 оноос хойш 30 гаруй жил маллаж байгаа бөгөөд мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж, сүүлийн 5 жил 1000-аас дээш мал тоолуулсан байна. Өнгөрсөн онд л гэхэд 1160 гаруй мал тоолуулж, 200 гаруй төл мал хүлээн авсан бөгөөд энэ хавар 300 орчим төл мал хүлээн авахаар байна. Тус малчных голдуу баруун уулын Цагаан хад, Дөргөн гэх газруудад нутаглаж, Мөст, Мөнххайрхан, Дуут сумын нутаг дэвсгэрт буурь сэлгэн, жилд дунджаар 500 гаруй км-ийн отор нүүдэл хийдэг байна. 2018 онд багийнхаа 2 залуу малчныг 70-80 малаар малжуулж, мал сургийн бүтцийг чанаржуулах, бэлчээрийг зүй зохистой ашиглахад онцгойлон анхаарч, жилд дунджаар 150 орчим малыг зах зээлд нийлүүлж байна.
Малчин Г.Уртнасан, түүний гэргий М.Нарандулам нар өвөг дээдсээс уламжилж ирсэн малч удмаа залган хөдөлмөрлөж байгаа ажлын үр шимийг хүртэж 2012 онд сумын сайн малчин болж, өдгөө “Аймгийн Аварга малчин” цол хүртсэндээ баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Ховд аймгийн Манхан сум сүүлийн 3 жил мал сүргийн тоо толгойгоор аймагтаа тэргүүлж байгаа бөгөөд Баян гол багийн хувьд сүүлийн 7 жилийн хугацаанд сум орон нутагтаа мал сүргийн тоогоор тэргүүлж, одоогоор 210 малчин өрхийн 84 мянган тоо толгой мал өвөлжиж байна. Шинэхэн Аймгийн Аварга малчин Г.Уртнасан нь ийнхүү Баянгол багийнхаа 21 дэхь “Аймгийн Аварга малчин” болж байна.