17-р жарны “Тийн Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярын бөхийн барилдааныг Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, аймгийн Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа.
Бөхийн барилдааны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нар оролцож, хурсан олонд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Хүчит бөхийн барилдаанд Дөргөн сумын харъяат, Дөргөний УЦС-ын бөх, аймгийн заан Г.Ариунболд, Үенч сумын харъяат, аймгийн заан Б.Уртнасан нараар манлайлуулсан аймаг, сумын цолтой хүчит 96 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Хүчит бөхийн барилдаанд Үенч сумын харъяат, аймгийн заан Б.Уртнасан түрүүлж, Дөргөн сумын харъяат, Дөргөний УЦС-ын бөх, аймгийн заан Г.Ариунболд үзүүрлэн, Чандмань сумын харъяат, аймгийн начин Д.Балжинням шөвгөрлөө. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан нар гардуулан өгч, баяр хүргэв.
Бөхийн барилдааныг "Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт"-д оролцсон сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, 91 багийн Засаг дарга нар, албан байгууллагуудын дарга, эрхлэгчид, иргэд хөдөлмөрчид үзэж сонирхлоо.