Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, хамтран сар шинийн босгон дээр “Алтан төл”-ийн эздийг тодруулдаг уламжлалтай. Энэ жил Ховд аймгаас “Алтан төл”-ийн эзнээр 3 малчин тодорч, шагналаа гардан авлаа. Тэдгээр малчдын нэг бол Дарви сумын Баян булаг багийн малчин Цогтгэрэлийн Тарваа юм. Тэрбээр 19 жил мал маллаж байгаа бөгөөд сумын төвөөс 30 км-ийн зайд “Их хүнхэр” хэмээх газар өвөлжиж байна. Өнгөрсөн онд 1200 гаруй мал тоолуулснаас 800 орчим нь сутай үүлдрийн хонин сүрэг байна. Тус малчных хамгийн олон төл хүлээн авсан буюу 450 орчим хурга хүлээн авсан амжилтаараа “Алтан хурга” шагналын эзэн боллоо. Харин энэ хавар 500 гаруй төл мал хүлээн авахаар байна.
Дарви сумын Баян булаг багийн малчин Цогтгэрэлийн Тарваа нь 2013 онд сумын аварга малчин, 2016 онд аймгийн аварга малчин цол хүртжээ. Мөн өнгөрсөн онд сумын 3 залуу малчныг дэмжиж, 50-60 малаар малжуулсан байна.