Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24,25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи 18-24 метр секунд зарим үед 26-31 метр секунд хүртэл ширүүссэн. Энэхүү цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас эрчим хүч дамжуулах 13 тулгуур багана унаад байсан юм. Эрчим хүчний яам,
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК,
“ББЭХС” ТӨХК-ийн хамтарсан баг амжилттай ажиллаж 2018 оны 11-р сарын 28-29-нд шилжих шөнийн 04:26 цагт эрчим хүчийг бүрэн холбон ажиллалаа.
Тодруулбал: Баруун бүсийн эрчим хүчний систем: /ББЭХС/ 2018 оны 11-р сарын 29-ний шөнийн 01:00 цагт С-457 буюу 35 кВ-ын Сагил агаарын шугамын тулгуур №18-22-д дамжуулагч утсыг татаж дуусган засварын бригадыг ажлын байрнаас буулгасан байна. С-458 агаарын шугамын схемийг шалгаж, хүчдэл авахад бэлдсэн ба ББЭХС: 2018 оны 11-р сарын 29-ний шөнийн 04:26 цагт ОХУ-ын Чадан Дэд Станцад С-458 агаарын шугамыг залгаж, хүчдэл өгч 04:38 цагт Дөргөний Усан Цахилгаан Станцыг зэрэгцээ ажиллагаанд оруулсан байна. Ингэснээр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бүх сум Говь-Алтай аймгийн таван сумын иргэд тогтвортой эрчим хүчинд холбогдлоо.