Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нар оролцсон юм. Хэвлэлийн бага хурлын үеэр энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн байна.
Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Баян-Өлгий, Ховд, Говь-алтай, Увс аймагт нийт 200 гаруй гэр, 116 хашаа, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр салхинд хийсч нурсны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учирсан. Мөн хүчтэй салхины улмаас Увс аймгийн Өмнөговь, Түргэн сумын чиглэлийн
”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн хариуцдаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур багана унасны улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нийт 52 суманд цахилгаан тасалдсан. Цахилгаан дамжуулах тулгууруудыг босгохоор Эрчим хүчний яамны 170 гаруй ажилтан, 20 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2 тулгуур баганыг босгож, хэвийн үйл ажиллагаанд оруулжээ.
Тэгвэл Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн орон гэргүй болсон 160 гаруй айл өрхөд гэр олгохоор шийдвэрлэж, өнөөдөр гэр хүргэх цувааг Баруун аймгууд руу гаргахаар боллоо гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.