Монгол Улсын начин И.Мөнхбаатар Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны 1-ийн даваанд өвдөг шороодов



Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ховд аймгийн Үндэсний их баяр наадам өнөөдөр эхэллээ. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд МУ-ын харцага Г.Алтангэрэл, МУ-ын начин И.Мөнхбаатар, МУ-ын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн нарын улсын цолтой 3 бөх, аймгийн арслан 9, аймгийн заан 4, аймгийн харцага 6, аймгийн нэмэх начин 2, аймгийн начин 24 нийт 256 бөх зодоглож байна. Баяр наадмын нээлтийн арга хэмжээний дараа эхэлсэн хүчит бөхийн барилдааны 1-ийн даваанд барилдсан залуу бөхчүүд наадамчин олныг суудлаас нь өндөлзүүлсэн, уран хурц барилдааныг үзүүллээ.



Тухайлбал: МУ-ын начин И.Мөнхбаатар учраа тааран барилдсан Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн байлдагч, цэргийн залуу бөх н.Батэрдэнэд тун харамсалтайгаар өвдөг шороодлоо. Тэрээр учраа бөхөө "ЦЭРЭГ" хэмээн басамжилсан уу? цэнгэлдэх хүрээлэнд дүүрэн цугласан наадамчин олныг үл хүндэтгэсэнүү? "УНААГҮЙ" хэмээн гүрийв.



Хөлийн цэц нь хүртэл наадамчин олны эсэргүүцэл, шударга шаардлага, шүүлтийг үл хүндэтгэн МУ-ын начин И.Мөнхбаатарын талд бат зогсож байсан нь наадамчин олны дургүйцлийг илүү ихээр хүргэлээ. Эцэстээ  аймгийн Засаг дарга Д.Галсандондог баяр наадмын хүндэт индрээс бууж ирэн Монголын уламжлалт үндэсний их баяр,  эрийн гурван наадмын нэг  бөхийн барилдааныг үнэн зөв шударга шүүхийг хөлийн цэц, баяр наадмын бөхийн комисст сануулсан юм.



Наадамчин олны шударга шүүлт, шударга үнэний талд бат зогссон аймгийн Засаг даргын шаардлагыг МУ-ын начин И.Мөнхбаатар арга буюу хүлээн зөвшөөрч тахимаа өглөө. Улмаар энэ жилийн наадмын хөлийн цэцэд ажиллаж байсан Монгол улсын спортын мастер, аймгийн начин Б.Анхбаярыг хөлийн цэцээс хасах шийдвэр гаргав. Жил жилийн баяр наадамд “Улсын цолтой бөх”-чүүд нь аймгийн наадамд, “Аймгийн цолтой бөх”-чүүд нь сумын наадамд зодоглож  наадамчин олныг баясгадаг ч багагүй хэмжээний мөнгөөр “НАЙРАА"-ны цолтон төрүүлдэг нь нууц биш ээ. МУ-ын начин И.Мөнхбаатар ч тйим жишгээр энэ жилийн наадамд нэгэн шинэ "ЦОЛТОН"-г төрүүлэх бодолтой ирсэнийг үгүйсгэх аргагүй юм. Юутай ч цэргийн залуу бөх н.Батэрдэнэ Улсын цолтой бөхийг өвдөг шороодуулан бөхийн таамаг, нэг ч гэсэн "НАЙРАА"-г эвдэж чадлаа. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг дээ.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ