Соёлын Биет Бус Өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, соёлын биет бус өвийн таван ай савын зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилгоор
“Соёлын биет бус өвийн их наадам”-ыг улсын хэмжээнд 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар хамтран “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтыг энэ оны 06 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн наадмын хаалтын үйл ажиллагааг аймгийн төв талбайд зохион байгуулсан бөгөөд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар оролцож, Соёлын Биет Бус Өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх үйлсэд идэвхи санаачлагатай оролцож байгаа нийт ардын авъяастнуудад талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүллээ.
ВИДЕО:
“Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтанд 17 сумаас соёлын биет бус өвийг өвлөн тээгч, уламжилж авч явж байгаа ардын авьяастнуудын төлөөлөл 300 гаруй хүн оролцсон бөгөөд сум тус бүрийн төлөөлөл шилдэг 25 соёлын өв тээгч тус наадмын хоёр дахь шатны шалгаруулалтанд аймгаа төлөөлөн оролцох эрхтэй болж, батламж гардан авав. Тус наадмын хоёр дахь шатны шалгаруулалт ирэх наймдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм.
Мөн
“Соёлын биет бус өвийн их наадам”-ыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцийн зарчмыг баримталж
“Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд”, “Гар урлал”, “Язгуур урлаг”, “Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан”, “Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам” гэсэн соёлын биет бус өвийн 5 ай савын төрлөөр зохион байгуулж, нэгдмэл, цул байдлаар ардын авьяастнуудыг шалгаруулсан бөгөөд багийн нийт дүнгээр тэргүүн байранд Дөргөн сум, хоёрдугаар байранд Жаргалант сум, гуравдугаар байранд Дуут сум, тусгай байранд Зэрэг сум тус тус шалгарч, аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал гардууллаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог хэлэхдээ: “Соёлын биет бус өвийн их наадам” нь соёлын биет бус өвийн 5 ай савын хүрээнд эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан, уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, гар урлал, язгуур урлагийг хөгжүүлэх, олон нийтийн идэвх оролцоог хангаж, соёлын өвийг уламжлагч, сонирхогчдын хүрээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж онцоллоо.
Н.Лхагва