Соёлын Биет Бус Өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, соёлын биет бус өвийн таван ай савын зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилгоор улсын хэмжээнд
“Соёлын биет бус өвийн их наадам”-ыг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар хамтран
“Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтыг энэ оны 06 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрт зохион байгуулав. Наадмын анхан шатны шалгаруулалтанд 17 сумаас соёлын биет бус өвийг өвлөн тээгч, уламжилж авч явж байгаа ардын авьяастнуудын төлөөлөл 300 гаруй хүн оролцож байна.
Энэ удаагийн наадмыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцийн зарчмыг баримталж “Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд”, “Гар урлал”, “Язгуур урлаг”, “Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан”, “Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам” гэсэн соёлын биет бус өвийн 5 ай савын төрлөөр зохион байгуулж, нэгдмэл, цул байдлаар ардын авьяастнуудыг шалгаруулж байгаа юм. Наадмын анхан шатны шалгаруулалтын шүүгчээр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж байгаа бөгөөд БСШУЯамнаас томилсон шинжээчид хөндлөнгийн хяналт тавьж байна.
"Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн билэг авьяастнууд нь ирэх наймдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах хоёр дахь шатны шалгаруулалтанд аймгаа төлөөлөн оролцож, ард түмэндээ өвлөн уламжлагдсан язгуур урлагийн хамтарсан тоглолтыг толилуулах аж.
“Соёлын биет бус өвийн их наадам” нь олон нийтийн идэвх оролцоог хангаж, соёлын өвийг уламжлагч, сонирхогчдын хүрээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн “Соёлын биет бус өвийн их наадам”-д амжилттай оролцож нэгдүгээр байранд шалгарсан аймаг 20 сая төгрөгөөр, хоёрдугаар байр 10 сая, гуравдугаар байр 10 сая төгрөгөөр тус тус шагнагдаж, тусгай байранд шалгарсан хоёр аймгийг тус бүр таван сая төгрөгөөр урамшуулахаар заасан байна.
Н.Лхагва