“ЗАХЧИН ДУУ ХУУР”-ын наадмын тэргүүн байранд Манхан сум шалгарчээ



Ховд аймагт өнө эртнээс 13 ястан хөдөлмөр бүтээлээрээ хоршин, эвсэг найрсаг аж төрөн амьдарсаар ирсэн уламжлалтай бөгөөд тэдгээр ястнууд нь өөрийн гэсэн нутгийн аялгуу, зан заншил, түүх соёлын өвөрмөц онцлогтой. Захчин ястны зан заншил, өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх, онцлогийг нь хадгалан үлдээх үүднээс Улсын их хурлын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт санаачлан “Захчин дуу хуур”-ын наадмыг энэ оны 06 дугаар сарын 11-ний өдөр Манхан суманд зохион байгууллаа. Наадамд Ховд аймгийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч гэсэн захчин ястны 5 сумын 19-80 насны 70 орчим авьяастнууд оролцож, Захчин ардын уртын дуу, захчин ардын богино, шог хошин магтаал дуу, Ихлийн татлага, Захчин биелгээ, Захчин ардын ерөөл магтаал, Захчин аман яриа, Захчин эрэгтэй, эмэгтэй хувцас хэрэглэлтэй хос гэсэн 7 төрлөөр авъяас чадвараа сорьсон юм.



Багийн нийлбэр дүнгээр наадмын тэргүүн байранд Манхан сум, хоёрдугаар байранд Мөст сум, гуравдугаар байранд Үенч сум шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.



Мөн энэ үеэр наадамд оролцсон зарим нэр бүхий ардын авьяастнуудыг салбарын шагналаар шагнагдсаныг гардуулж баяр хүргэв.





Мөн 06 дугаар сарын 12-ны өдөр Манхан сумын Төгрөг гол багийн Рашаантын овооны тахилга зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний үеэр хурдан морины уралдаан, үндэсний бөхийн барилдаан боллоо. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Манхан сумын Засаг дарга П.Мөнхбат нарын удирдлагуудаас гадна бусад зочид төлөөлөгчид оролцов.



Image may contain: 2 people, outdoor




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ