Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, сумдын Засаг дарга нарт "Бүтээлч ажил өрнүүлэх тухай" аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар албан даалгавар гаргав. Албан даалгаврын хүрээнд сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хариуцуулан энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд өнгө үзэмжийг сайжруулах, цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт, тохижилтын болзолт уралдааныг зохион байгуулах юм.Мөн өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, цэцэрлэгжүүлэлт, тохижилтын ажилд идэвх санаачлагатай оролцож, ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хөхүүлэн дэмжинэ.
Энэхүү ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан энэ оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Жаргалант сум, Ховд аймгийн төвд мал оруулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповронд хариуцуулав. Түүнчлэн албан даалгаврын заалт бүрийг мөрдөж, хэрэгжилтийг ханган, явцын тайлан мэдээг сар бүр аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлэн ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
Албан даалгаврын хэрэгжилтэнд хяналт тавьж, сумдын ажлын явц, мэдээллийг нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулж шилдэг тохижилт, цэцэрлэгжүүлэлт хийсэн сум, байгууллагыг шалгаруулан урамшуулж, алдаршуулж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхэд даалгасан байна.
Н.Лхагва