Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын хамтарсан "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" эхэллээ



Ховд аймаг дахь Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Яамны харьяа байгууллагууд болох Ховд аймгийн ГБХЗХГазар, Хөдөлмөр Нийгмийн Халамжийн газар, Аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, “Хөгжил” политехникийн коллежийн хамтарсан иргэдийнхээ дуу хоолойг сонсох “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ 04-р сарын 02 ны өдөр албан ёсоор эхэллээ. Ховд аймагт төрийн үйлчилгээг ард иргэддээ хүргэх зорилго бүхий 90 гаруй төрийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр байгууллагууд өдийг хүртэл нээлттэй хаалганы өдрөө талбай дээр зохион байгуулдаг жишиг тогтсоор ирсэн. Харин энэ удаад ХНХЯаманд харьяалагддаг Ховд аймгийн ГБХЗХГазар, Хөдөлмөр Нийгмийн Халамжийн газар, Аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, “Хөгжил” политехникийн коллеж гэсэн байгууллагууд энэ хэвшмэл байдлыг өөрчилж шинэ санаачлага гарган Жаргалант сумын ЗДТГазартай хамтран 4 өдрийн турш аймгийн төвийн Алагтолгой, Магсаржав, Жаргалан, Наран, Рашаант, Цамбагарав, Бугат, Буянт, Хайрхан, Тахилт, Бичигт, Баатархайрхан багийн иргэдэд хүрч, орон нутгийнхаа талбар дээр ажиллаж, нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байгаа нь ихээхэн онцлог, үр дүнтэй ажил болж байна.



ВИДЕО:



Ерөнхий боловсролын 1-р сургууль дээр зохион байгуулагдсан "Нээлттэй хаалганы өдөр"-ийн үйл ажиллагаанд Алагтолгой, Магсаржав, Жаргалан багийн 120 гаруй иргэд оролцож, Хүүхэд гэр бүлтэй холбоотой асуудлууд болон шинэ хууль тогтоомж, хүүхэд хөгжүүлэх дугуйлан секцтэй холбоотой, тэтгэвэр тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгөний тухай асуудлуудыг холбогдох байгууллагуудаас нь тодруулж, өөрсдийнхөө хэрэгцээт мэдээлэл болон төрийн үйлчилгээг газар дээр нь богино хугацаанд авч байсан ба нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж буй байгууллагуудын салбар салбарын мэргэжилтэнгүүд иргэдэд сонирхсон асуудлынх нь дагуу зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав.



Тус үйл ажиллагааны үеэр иргэдийг оролцуулсан танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд Жаргалан багийн иргэн Б.Тунгалаг-Од түрүүлж будаа агшаагчаар шагнуулсан бол Магсаржав багийн иргэн Г.Учрал удаалж индүүгээр шагнуулсан байна.



Ховд аймаг дахь Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Яамны харьяа 4 байгууллагын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөр” 1 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд тусгай хөтөлбөр төлөвлөгөөний дагуу аймгийн төв болон Ховд аймгийн 17 суманд хүрч ажиллан иргэдэд төрийн мэдээлэл, үйл ажиллагааг нэг дороос илүү хүртээмжтэйгээр авах  боломжийг бүрдүүлж нэг цонхны үйлчилгээг  хүргэж байгаа нь сайшаалтай юм.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ