ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартын танилцуулах сургалт боллоо



Олон улсын баталгаажуулалтын “МонСертф” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Казахстан улсын Астана хотноо Казахстаны Итгэмжлэлийн байгууллагаас “Олон улсын итгэмжлэлийн гэрчилгээ”-гээ хүлээн авсан. Ингэснээр Монгол улсын хамгийн анхны Олон улсын Баталгаажуулалтын байгууллага болж, уг итгэмжлэлийн хүрээнд Олон Улсын Стандартын Академи (ISA), Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо (MMCA), Францын баталгаажуулалтын байгууллага “Афнор” групп, БНХАУ-ын баталгаажуулалтын байгууллага UICC групптэй хамтран "Дэлхийн стандарт Монголд" сарын хугацаатай аяныг Монгол улсын 21 аймгийн хэмжээнд өрнүүлж байна. Тэгвэл өнөөдөр 5 дахь аймаг болох Ховд аймагт хүрэлцэн ирж “ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны стандартын танилцуулга” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг орон нутагт нэвтрүүлэх, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд менежментийн тогтолцооны стандартын мэдлэг мэдээлэл өгөх зорилготой тус сургалтанд Ховд аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл 120 гаруй хүн оролцов.



Сургалтын хүрээнд Олон улсын баталгаажуулалтын “Монсертф” ХХК-ний Ерөнхий захирал Г.Билгүүн “Дэлхийд өрсөлдөх Монгол компаниудыг бий болгоно ” сэдвээр, ОУСА-ийн Гүйцэтгэх захирал У.Отгонбаяр “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэгдсэн, баталгаажсан аудитор, зөвлөх, сургагч багш болох боломж” сэдвээр, Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Хангай “Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр зөвлөх үйлчилгээ авах боломж” сэдвээр, Афнор группын албан ёсны төлөөлөгч Д.Цэрэнжав “Европын зах зээлд Афнор групптэй цуг” сэдвээр, UICC группын албан ёсны төлөөлөгч Б.Чулуунцэцэг “ Монгол компани Хятад зах зээлд гарах боломж” сэдвээр тус тус илтгэл мэдээлэл хийлээ.

Сургалтын үр дүнд оролцогчид чанарын менежментийн тогтолцоо, “ISO 9001:2015” стандартын нэр томъёо, тодорхойлолт, чанарын удирдлагын тогтолцооны стандартын шинэчилсэн хувилбарын агуулга, онцлог, давуу тал, ЧУТ-ны ISO 9001:2015 стандарт шинэчлэгдэх болсон шалтгаан, хийгдсэн өөрчлөлтүүд, тавигдах шаардлага, менежментийн тогтолцооны баталгаажуулалт, ISO 9001:2008 стандартаас ISO 9001:2015 стандартад шилжих явцад анхаарах асуудлуудын талаар шинэлэг мэдлэг мэдээлэлтэй болсноороо ач холбогдолтой байгааг зохион байгуулагчид онцлов.



Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ