Аймгийн Засаг дарга Д.Галсандондог өнөөдөр БОЭТ-ийн Дотрын тасаг болон Мэдрэлийн тасгуудын үйл ажиллагааны явц байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Өнгөрсөн өвөл тус тасгууд хүйтэн бас тав дух муутай байгаа тухай хэвтэн эмчлүүлэгчдийн зүгээс санал гомдол нэлээд ирж байсны дагуу аймгийн Засаг даргын зүгээс Дотор, Зүрх судасны тасагт 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Уг санхүүгийн дэмжлэгийг Дотрын тасгийн өрөө тасалгааны дулаан алдалтыг багасгах болон өөрсдийнх нь саналыг үндэслэн нэн шаардлагатай байгаа бусад зүйлсэд зарцуулах зорилгоор олгогдсон байна.
Энэ хүрээнд хийгдсэн ажлуудыг өнөөдөр газар дээр нь үзэж танилцахад дараах тохижилтуудыг хийжээ. Тухайлбал, Хүлээн авах, сургалтын өрөө, үйлчлүүлэгчдийн коридорт том тени 3 ш, 00 өрөөнд вакум хаалт, өрөөнүүдэд жижиг тень 5 ш, хөргөгч, зурагт тус бүр нэг, нийтийн халуун усны шүршүүр 1, хулдаас 40м, вакум цонх 4, сандал 10 ш зэргийг одоогоор хийсэн байна. Цаашид вакум цонх, дулаан алдалт зогсоох цонхны наалт болон бусад зүйлсийг хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Засаг дарга Д.Галсандондог энэ үеэр мөн БОЭТ-ийн зарим тасаг, нэгжүүдээр орж тус эмнэлэгийн үйл ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг сонсон эмч ажилтнуудтай харилцан санал солилцлоо. Тус эмнэлэгийн амбулаторийн үзлэгийн оочир дараалал, ачаалал их байдагтай холбогдуулан үйлчлүүлэгчдэд ил тод, хурдан шуурхай үйлчлэхийн тулд амбулаторийн зарим өрөөнүүдийн үүдэнд дэлгэц байрлуулан дарааллаар нь оруулж үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлсэн байна. Энэхүү үйлчилгээг Шүдний тасаг дээр нэмж суурилуулах шаардлагатай байгаа тухай саналыг үндэслэн дээрх дэлгэцнээс хоёрыг Засаг даргын зүгээс шийдэж өгөхөө мэдэгдлээ.
Мөн БОЭТ-д Бельгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжих төслийн ажлын бэлтгэл, явц байдлыг үзэж үүрэг чиглэл өглөө гэж аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.