Жил бүрийн 3-р сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх болсноор багагүй хугацааг үдэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ололт амжилт бүрийн манлайлагч нь байж ирсэн МАН-ын үе үеийн гишүүд дэмжигчид, ахмад үеийнхэнийхээ байгуулсан гавьяа, бүтээсэн алдрыг жил бүрийн энэ өдөр хүндэтгэн дурсаж, бахархан тэмдэглэдэг.
Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган нам болох МАН-ын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөсний дараагаар аймгийн ХДТ-т "Эх орончдын өдөр", МАН үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт зохион байгууллаа.
Баярын хурлыг Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн МАН-ын дэд дарга Г.Пүрэвганди нээж баярын хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн баярын хурлын илтгэлийг танилцуулав.
Мөн аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга Д.Галсандондогийн мэндчилгээг, Жаргалант сумын Засаг дарга, Жаргалант сумын МАН-ын хорооны дарга Ц.Ганданповрон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын мэндчилгээг тус тус танилцуулж, намын журмын нөхөддөө ажлын амжилт хүсэн ерөөлөө.
Энэ үеэр улс эх орондоо олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулан өгч баяр хүргэлээ. Тухайлбал: Алтан гадас одонгоор Т.Гүррагчаа, Хөдөлмөрийн хүндэт медалиар Жаргалант сумын 12 жилийн 6-р сургуулийн бага ангийн багш С.Наранчимэг нар шагнагдсаныг гардуулав.
Мөн "Онц тээвэрчин", "Барилгын тэргүүний ажилтан" цол тэмдэг, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрэмжит шагнал, "Ховд аймгийн хүндэт тэмдэг," "Ховдын төлөө" медаль болон МАН-ын шагнал болох намын "Хүндэт тэмдэг", "Эх орны төлөө медаль", "Намын Тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдсан нэр бүхий хүмүүсийн шагналыг гардуулж баяр хүргэлээ.