Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Дамдинхүүгийн Баатарцогт “Улсын Хошой аварга малчин” цол хүртлээ



Ховд аймгийн Дарви сумын хувьд энэ он амжилт бүтээл арвинтай жил байж 20 орчим жилийн дараа Монгол Улсын Хошой аварга малчинтай боллоо. Ирж буй шар нохой жилийн босгон дээр эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малын ашиг шимийг дээшлүүлж, малч ухаан, туршлагаараа манлайлсан Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Дамдинхүүгийн Баатарцогт “Улсын Хошой аварга малчин” цол хүртэж, шагналаа гардан авлаа.

Улсын Их хурлын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон сум орон нутгийн удирдлагууд хоёрдугаар сарын 13-ны өдөр Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Д.Баатарцогтод “Улсын Хошой аварга малчин” цол хүртээж, өргөө цагаан гэр, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулан өгч, баяр хүргэв.



Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Д.Баатарцогтын хувьд нутаг усандаа үе дамжин малч ухаанаа хадгалж яваа бөгөөд 2004 онд мянгат малчин, 2006 онд аймгийн сайн малчин, 2010 онд Улсын сайн малчин болсон байна. Улсын Хошой аварга малчин Д.Баатарцогт, гэргий Г.Чимгээ нар сүүлийн 10 гаруй жил мянгаас дээш толгой мал тоолуулж, ахмад малчдын арга туршлагаар мал сүргийн тоо толгойд биш чанарт анхаарч байна гэж хэллээ.



                                                                                                                                                  Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ