Нээлттэй завсарласан аймгийн ИТХ-ын 5-р хуралдаан хэзээ хуралдах вэ???



2017 оны 12-р сарын 4-5 ны хооронд хуралдсан аймгийн ИТХ-ын 5-р хуралдаанаар ИТХ-ын дарга, Засаг дарга нартаа итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж аймгийн Засаг дарга Д.Галсандондогт тус хуралдаанд хүрэлцэн ирж, санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 51.4 хувь нь, ИТХ-ын дарга Г.Пүрэвгандид 59.4 хувь нь итгэл үзүүлэхгүй гэсэн санал өгсөн. Төлөөлөгчдийн өгсөн саналыг үндэслэн тус хурлаас тогтоол гаргаж аймгийн Засаг даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг МУ-ын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн бол ИТХ-ын даргыг огцруулах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгийн ахлагч М.Ганзориг 30 минутын завсарлага авсан ба завсарлагааны хугацаа дуусаж, төлөөлөгчид хуралдааны танхимд эргэн оров. Хурал даргалагч Т.Жаргалсайхан, хурлын ажлын албанаас төлөөлөгчдийн ирцийг бүртгэн, улмаар ирц хүрээгүйн улмаас хуралдаан даргалагч 5-р хуралдааныг нээлттэй завсарлуулсан.

Ирц бүрдсэн байхад Т.Жаргалсайханыг хуралдааныг зориуд орхин гарсан гэж үзэн МАН-ын нэр бүхий 13 төлөөлөгч буюу 13-ын бүлэг, Ардчилсан намын нэр бүхий төлөөлөгчид насаар хамгийн ахмад төлөөлөгч болох Ш.Батсүхээр хуралдааныг даргалуулахаар санал нэгдэн 5-р хуралдааныг үргэлжлүүлэв. Хурлын ажлын албанаас хурлын даргын санал болгож, олонхиороо баталсан хуралдаан даргалагч хурлыг завсарлуулсан байхад хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй хэмээн удаа дараа тайлбарлан, хууль зөрчиж төрийн ажлыг гүйцэтгэхгүй хэмээн хуралдааны танхимыг орхив. Гэсэн ч хуралдаан даргалагч Ш.Батсүх 5-р хуралдааныг цааш үргэлжлүүлж улмаар 2 намын төлөөлөгчид зөвшилцсөний эцэст 10 хоногийн буюу 12-р сарын 16 ны 10 цаг хүртэл завсарлуулаад байсан. Завсарлагааны 10 хоногийн хугацаа өнөөдөр дуусаж хуралдаанд МАН-ын 13-ын бүлгийн 12 төлөөлөгч, Ардчилсан намын нэр бүхий 5 төлөөлөгч хүрэлцэн ирж, ирц хүрээгүйн улмаас дахин хойшиллоо.

Хурлын ажлын албатай холбогдон хуралдаан зарласан эсэх талаар тодруулахад хурал зохион байгуулах тов гараагүй, хурал даргалагч хурал зохион байгуулах ажлын чиглэл өгөөгүй хэмээн тайлбарлав. МАН-ын болон Ардчилсан намын зарим төлөөлөгчидтэй утсаар холбогдон хуралдаанд ирээгүй шалтгааныг нь тодруулав. Аймгийн ИТХ-аас хуралдааныг зохион байгуулах учиртай, гэвч ажлын албанаас мэдэгдээгүй, хамгийн гол нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.6-д Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэж заасан учраас  өнөөдрийн хуралдааныг хууль бус гэж үзэж байна. Тиймээс оролцох боломжгүй хэмээн хариулав. 

Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нараа хоёуланг нь огцруулсанаараа түүхэнд бичигдэх 5-р хуралдааныг хэн нь удирдан хуралдуулах, хурлыг зарлан зохион байгуулах асуудал нь мэдээж цагаан дээр хараар бичигдсэн хууль дүрмээр зохицуулагдах учраас учир нь олдож, учиг нь тайлагдана биз ээ...  Юутай ч эх сурвалжийн мэдээлсэнээр Монгол улсын Ерөнхий сайдаас аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлын хариуг ирүүлсэний дараа 5-р хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах юм байна. Өөрөөр хэлбэл ирэх 7 хоногт аймгийн Засаг даргын асуудал шийдэгдсэнээр, нээлттэй завсарлаад байгаа 5-р хуралдаан өндөрлөх нь тодорхой болоод байна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ