Ховд аймгийн хэмжээнд энэ жил 2882,4-2204,7 га талбайд тариалалт хийж, үр тариа 323,9-126,8 га, төмс 1058,2-711,3 га, хүнсний ногоо 1223,2-776,5 га-д тариалалт хийгээд байна. Энэ жил тус аймгийн Буянт, Ховд сумын ногоочдын тарьсан шинэ ургацын хүнсний ногоо наадмын өмнө худалдаанд гарлаа. Энэ оны 7 сарын эхний 10 хоногийн байдлаар шинэ ургацын төмс 1 кг нь 2500, манжин 1 кг нь 3000, байцаа 1кг нь 2500, шинэ өргөст хэмх 1 кг нь 4000, сонгино 1 кг нь 1500, тарвас 1 кг 2500 төгрөгийн ханштай байсан бол өнөөдрийн байдлаар бүх төрлийн ногооны үнэ буурч манжин, лууван 1000-1500 төг, төмс 800-1000 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдаж байна.
Ховдын тариаланчид дотоодын хүнсний ногооны хэрэглээг хангаад зогсохгүй, баруун бүсийн аймгууд, Улаанбатар хот руу бүтээгдэхүүнээ борлуулдаг. Аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 70 гаруй компани, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт газар тариалан эрхлэгчдээ дэмжих бодлого баримталж, дотоодын хэрэглээнээс илүү гарсан төмс, хүнсний ногоонд зориулж 500 тн-ын зоорь барих, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр байгуулах зорилттой ажиллаж байна.