Ховд аймгийн Булган Алтай Үенч сумдад цас ихтэй өвөлжилт хүндхэн болж өнгөрсөн. Хаваржилтийн байдал ч мөн хүндхэн үргэлжилж байгаа талаар сум орон нутгийн удирдлагууд мэдээлж байна. Хэдийгээр цас ихтэй байгаа ч дээрх сумдад мал төллөж, малчны хотонд төлийн дуу цангинан аль хэдийн хавар иржээ. Улсын тэргүүний Үенч сумын хувьд энэ хавар нийтдээ 55878 эх мал төллөхөөс 2017 оны 3-р сарын 07 ны байдлаар 20 хувь нь төллөж, гарсан төл бүрэн бойжиж байна.
Үенч сумын төвөөс 20 км-ийн зайд орших “Урд хөвч” гэх газар хаваржиж буй “Цагаан түнгэ” багийн малчин Д.Отгонбаярын хотонд 5 ихэр ишиг мэндэлж, малч эзэн, нутаг хошууныхныгаа баярлуулсан сайхан үйл явдал болжээ. Малчин Д.Отгонбаярын ярьсанаар: Уг ямаа 6 настай, өмнө нь ихэрлэж байгаагүй гэнэ. Малаа хариулж ирээд хотлуулахад хамгийн түрүүн хотондоо ирж 1кг 950 гр, 2кг 110 гр, 1кг 680 гр, 1кг 850 гр, 1кг 760 гр 5 ихэр ишиг төрүүллээ, гарсан төл эсэн мэнд бойжиж байна хэмээн сэтгэл догдлон ярьж байлаа. Үенч сумын удирдлагууд эх ямаа болон 5 ихэр ишгийг 2 нас хүртэл нь мал амьтны халдварт болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай, үнэ төлбөргүй үзүүлж байхыг сумынхаа Мал эмнэлэг үржлийн тасаг, Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн эмч нарт үүрэг болгож, малчин Д.Отгонбаярынд 10 боодол өвс, 10 уут тэжээл, нэмэлт сүү зэргийг олгосон байна.