Монгол улсын аварга тариаланч Ж. Хартолгойд УИХ-ын гишүүн О.Батнасан болон аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.


Сар шинийн босгон дээр Ховд аймгаас төрөн гарч байгаа Улсын аварга тариаланчдын нэг бол Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Жигжидийн Хартолгой юм. Тэрээр 1962 онд төрсөн. 1978-1981 онд Ховд аймгийн ХАА-н техниккумыг Агротехникч мэргэжилээр дүүргэж, 1980-1990 онд Баруун бүсийн ХАА-н Эрдэм шинэжилгээний хүрээлэнд эрдэм шинэжилгээний туслах ажилтнаар ажлын гараагаа эхлүүлжээ. Энэ хугацаандаа төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, хадгалах, даршлах, үрийн стандарт зэрэгт өргөн мэдлэгтэй болж, амьдрал ахуйдаа хэрэглэн аймгийн иргэдийн хүнсний ногооны хэрэгцээг хангахад өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Улсын аварга тариаланч Жигжидийн Хартолгой нь сүүлийн 3 жилд 3-6 га газарт тариалалт хийж, 1 га-гаас авах ургацын хэмжээг жилээс жилд ахиулан ажиллаж байна. Түүнд УИХ-ын гишүүн О.Батнасан хүндэтгэл үзүүлж УИХ-ын гишүүний өргөмжлөл, гарын бэлгээ гардууллаа. Мөн Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди,  аймгийн Засаг дарга Д. Галсандондог болон аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүх, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг нар хүндэтгэл үзүүлж, аймгийн шагналыг гардуулан өглөө. Улсын аварга тариаланч Ж.Хартолгой нь тариаланч ногоочдыг нэгтгэн, усыг ашигтай зүй зохистой ашиглан, байгаль орчноо хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах,  цөлжилтөөс сэргийлэх зорилгоор “Эрдэнийн шоо” нэртэй бүлэг байгуулан ажиллаж байна. Энэ бүлгийнхээ үйл ажиллагааны хүрээнд бургас, улиас, чацаргана гэсэн 1200 ширхэг мод тариалж, хөрсийг салхины элэгдлээс хамгаалан ажиллаж байгаа тэргүүний шилдэг тариаланчдын нэг юмаа.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ