17-р жарны Алтан унжлагат хэмээх гал Тахиа жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас Улсын аварга малчин 5, Улсын аварга тариаланч 2, аймгийн хошой аварга малчин 3, аймгийн аварга малчин 37, аймгийн аварга тариаланч 5, аймгийн аврага фермер 1 тус тус төрөн гарч улс аймагтаа хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүллээ.Тэдний нэг нь Ховд аймгийн Жаргалант сумын харъяат улсын аварга тариаланч Лхамсүрэнгийн Цэцэгсүрэн юмаа. Тэрээр 1957 онд төрсөн. Ажлын анхны гараагаа Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд Агротехикчээр эхлүүлж байсан бол 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл хувиараа ногоо тарьж, өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу газар тариалангийн салбарт тасралтгүй 36 жил ажиллаж байгаа шилдэг тэргүүний тариаланчдын нэг юм. Түүний шагналыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С. Бямбацогт, аймгийн Засаг дарга Д. Галсандондог, аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш. Батсүх болон албаны бусад хүмүүс хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Улсын аварга тариаланч Л.Цэцэгсүрэнд УИХ-ын гишүүн О.Батнасан, Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар хүндэтгэл үзүүллээ.
Улсын аварга тариаланч Л.Цэцэгсүрэн нь анх 1 га талбайд төмс хүнсний ногоо тариалж, жил бүр тариалсан талбайгаа нэмэгдүүлж, 2016 оны байдлаар 3,2 га талбайд төмс, хүнсний ногоо тариалан 67,3 тонн ургац хураан авсан байна. Түүнчлэн тариалсан хүнсний ногоогоо дахин боловсруулан савлаж, 40 мянгаас 60 мянган шил даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн орон нутгийнхаа ард иргэдэд нийлүүлэн, хүн амын эрүүл мэнд, урт наслалтанд сайнаар нөлөөлөх сармисны ханд, хүрэн манжингийн шүүс, хатаасан чинжүү, салбан байцааны хатаамал зэрэг 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулдаг байна. Зах зээлийн үнээр 12-20 сая төгрөгийн борлуулалт хийн, 10-15 сая төгрөгний ашиг олон, 2014-2016 онуудад татварт 2 сая төгрөг төлж улсын болон орон нутгийн хөгжил дэмшилд үнэтэй хувь нэмэрээ оруулсаар иржээ. Улсын аварга тариаланч Л.Цэцэгсүрэн нь 2010 оноос өөрийн хашаандаа хүнсний ногоо дахин боловсруулах цех ажиллуулж 1-2 хүнийг байнгын ажлын байраар, 10-12 хүнийг түр ажлын байраар ханган ажилласаар иржээ.