Ахмадууд "Насны хишиг"-ээ хүртэж эхэллээ


Ахмадуудад 50-250 мянган төгрөгийн “Насны хишиг” тэтгэмж олгох харилцааг зохицуулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль энэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянган төгрөг, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөгийн “Насны хишиг” тэтгэмж олгохоор болсон. Насны хишгийг олгохдоо жил бүрийн сар шинийн баярын өмнө буюу шинийн нэгнээс өмнө, жил бүрийн улсын их баяр наадмын өмнө буюу 7 сарын 11-ээс өмнө олгохоор тогтоосны дагуу ахмадуудад "Насны хишиг"-ийн  мөнгө өнөөдрөөс эхлэн олгогдож эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог ахмад настны төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, "Насны хишиг" тэтгэмжийн батламжийг гардуулан өглөө. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу Ховд аймгийн хэмжээнд "Насны хишиг" хүртэх 3173 ахмад байгаа бол Жаргалант сумын хэмжээнд 1000 гаруй өндөр настан "Насны хишиг" хүртэхээр бүртгэгджээ. Эдгээр ахмадуудаас 65-69 насны 1151 ахмад настан, 70-79 насны 1445 ахмад настан, 80-89 насны 520 ахмад настан, 90-ээс дээш настай 57 ахмад настан байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр ахмадууд жилд 2 удаа насны хишиг хүртэх юм.  



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ