Энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-ны өдөр тохиож байгаа билээ. Тухайн жилийн өнгийг Гандантэгчинлэн хийдийн зурхайч Д.Цогтбаатараас тодрууллаа.
Ирж буй XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал(улаагчин) тахиа жилд “Идээ, ундаа чухаг” хэмээн сударт өгүүлжээ.
- Алтан унжлагат тахиа жилийн төлөвийг тайлбарлан хэлж өгнө үү?
- Удахгүй XVII жарны гал тахиа жил гарах гэж байна. Энэ гарч буй тахиа жилийн ёгт нэр "Алтан унжлагат". Энэ нь тухайн жилийг өөр нэг жилээс ялгахын тухайд нэрлэсэн нэр байгаа юм.
Ерөнхийдөө тухайн жилийн төлөв байдлыг жилийн хаан гараг, эзэн гараг, түшмэл гараг, цасан чихрийн амт, боовны үр болон шороон үхрийн зурлагаар шинждэг.
Монголчууд бид шороон үхрийн зурлагаар жилийн төлөв байдлыг голлон шинждэг.
Хуучин цагт шинэ жил гарахад хүрээ хийдийн үүдэнд томоор шороон үхрийг зурж тавьдаг, ард иргэд нь шороон үхрийнхээ зурлагыг ирж хараад энэ жил ерөнхийдөө ийм төлөвтэй байх юм байна гэж шинждэг уламжлалтай байсан гэдэг.
Энэ жилийн шороон үхрийн зурлагын хувьд үхэр нь: толгой, ходоод, цулбуур нь улаан; үхрийн эвэр, чих, сүүл, туурай, шир, бие, ногт нь цагаан; омруу нь ногоон; үхэр нь амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан. Үхэр хариулаач нь: цагаан биетэй; үс нь чихнийхээ араар хийссэн; улаан дээлтэй; хөх бүстэй; ногоон гутлынхаа барууныг өмсөж, зүүнийг бүсэндээ зүүсэн; малгайгаа буулгаж өмссөн; унгасаар томсон цагаан бургасан иштэй шилбүүр барьсан; хүч чадал багатай; идэр залуу; үхрийнхээ өмнө яаравчлан гүйж яваагаар дүрслэгдсэн байна.
Зурлагаас шинжихэд ирэх жилийн хувьд ард түмэн, сүсэгтэн олны амьдрал ахуй сайхан, Монгол орны эдийн засаг тогтворжиж, таатай байна гэж хэлж болно.
Залууст сайн, нялхаст дунд зэрэг, өвгөдөд тааруу жил байх нь. Цаг агаарын хувьд ирэх жил хур тунадас, ургамал, тариа будааны гарц арвинтай байх шинжтэй байна.
Ирэх жилийн сүүлээр нэлээдгүй цастай, өвөлжилт хүнд байх төлөвтэй байна.
- Хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг нэгдүгээр сарын 28-нд болон хоёрдугаар сарын 27-нд болно гэсэн маргаан байна. Энэ тал дээр тайлбар өгвөл?
- Монгол Улс бол тусгаар улс шүү дээ. Тэгэхээр бид бусдыг даган дуурайна гэж үгүй.
Энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ямар ч мадаггүй хоёрдугаар сарын 27-ны өдөр таарч буй. Нэгдүгээр сарын 28-н биш юм. Үүнд маргаад байх зүйл байхгүй.
Энэ бол өвөг дээдсээс уламжилж ирсэн Монгол тооллоор бодож гаргасан зүйл. Өөрсдийнхөө соёл уламжлалыг өөрсдөө устгах гэж улайрч ердөө болохгүй.
Дээрх зурлагаас жилийн байцыг ажвал:
Залууст (дунд суудалтан) сайн, нялхаст (түмэн олонд) дунд, өвгөдөд (дээд суудалтан) муу болой. Эр хүн яаруу, эм хүн тайван ажээ. Залуу хүний үйлс муу, үр ач чухаг.
Дээд ихэс энэрэхүй бээр улс орноо тэтгэн эдийн засаг сайжрах ч хямрал үргэлжлэх нигууртай.
Өндөр уулын бүс, дээд ихсийн орд харшид галын аюул буй. Газрын шим өгөөж сайн. Ой, цэцэрлэгт үр жимс, эмийн шим төгөлдөржинө. Үр тариа, хүнсний ногооны гарц арвин. Үхэр малын сүү арвижих сайн.
Хаврын гурван сар, улирлын эхэн саруудад салхи ихтай ган хуурай болох. Зун, намрын улиралд хур тунадас ихтэй. Гол мөрний усны төвшин дээшлэх, зарим газарт байгалийн гамшиг буй. Жилийн сүүлчийн улиралд цас их буух, өвөлжилт хүндрэх төлөвтэй.
Эх сурвалж:Г.ЦЭНД-АЮУШ, IKON.MN