
XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон Могой жилийн сар шинийн босгон дээр 70 гаруй малчин өрх “Аймгийн аварга”-аар шалгарсан. Тэдний нэг нь Улсын тэргүүний Зэрэг сумын Бургасан багийн малчин М.Баатар, Б.Хүрэлцэцэг нар юм.
Аварга малчин өрхийн шагналыг өчигдөр /2025.02.26/ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа гардуулж баяр хүргэлээ. Энэ үеэр сум, багийн удирдлагууд мөн баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.

М.Баатар, Б.Хүрэлцэцэг нар хоёулаа аав, ээжийгээ даган бага наснаасаа мал маллах арга ухаанд суралцжээ. Өрх тусгаарлахдаа 150 орчим толгой малтай айл болж байсан бол одоо таван төрөлд нь өсгөж 1100 гаруй толгойд хүргэсэн байна. Мал сүргийн дийлэнх нь ямаа. Тиймээс бэлчээр нутагт илүү анхаардаг байна. Аваргынх энэ хавар 500 гаруй мал төллөнө.

Тэд дөрвөн аав, ээжийнхээ буян хишгийг арвижуулж хичээсний үр дүнд өнөөдрийн амжилтад хүрч байна гэж талархан ярьж байлаа.



