
“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” /АДАПТ/ төсөл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран малчдын хоршоодын үйлдвэрлэсэн мал, мах, ноос ноолуурыг үндэсний болон орон нутгийн үйлдвэрүүдэд тогтвортой урт хугацаанд нийлүүлэх түншлэл бий болгох зорилго бүхий сургалт, үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд Ховд аймгийн 17 сумын 50 гаруй малчдын хоршоо, бэлчээрийн менежментийг хэрэгжүүлж буй малчдаас гадна Улаанбаатар хотоос үндэсний ноос, ноолуур, мах боловсруулах 10 гаруй үйлдвэр аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.

Энэ арга хэмжээг IRIM хараат бус судалгааны хүрээлэн, Дижитал Агро ХХК зохион байгуулж малчдад мал аж ахуйн үйлдвэрлэлтэй холбоотой сургалт мэдээллийг өгч байна.

Хоёр өдөр
/2026.01.21-22/ үргэлжлэх
“Төр–хувийн хэвшил–малчдын түншлэл–2026” сургалт, үзэсгэлэнг аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр нээж үг хэллээ.

Тэрбээр АДАПТ төслөөс хийж хэрэгжүүлж буй төсөл, хөрөнгө оруулалтын үр өгөөж малчид болон сум, орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой байгааг хэлсэн үгэндээ онцоллоо.