Монголын төр, шашин, цэргийн нэрт зүтгэлтэн Галдан бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойг хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр (2024.08.02) Галдан бошгот хааны номын багш Ойрадын бичгийн их хүн Зая бандида Намхайжамцын хөшөөнд ном хурж, хүндэтгэл үзүүллээ.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх, Төрийн туульч, СГЗ Э.Баатаржав, зохиолч Д.Ганболд болон Ховд аймгийн Ганданпунцагчойлон хийдийн лам нарын төлөөлөл оролцов.Түүхээс сийрүүлбэл:
Галдан хувь заяаны эрхийг дагаж, шашин номын хүн болохоор 6 насандаа Ойрадын бичгийн их хүн Зая бандида Намхайжамцын тэргүүлсэн аянд багтан, 1650 оны намар нутгаасаа гарч, дараа оны эхээр Түвдийн Лхас хотод хүрчээ. Галданг Дашилхүмбүү хийдэд суулган, Банчин-Эрдэнэ Лувсан-Ишийн гэгээнд шавилуулсан байна. Галдан Зүүнгарт ирснийхээ дараа шашны томоохон зүтгэлтний хувьд Зүүнгарын хаант улсад шарын шашныг дэлгэрүүлэхэд идэвх зүтгэлтэй оролцож, сүм хийд байгуулан, жаяг ёсыг тогтоон, сахил санваар хүртээж явжээ. Тухайлбал:
Тэрбээр Илийн голын урд, хойд эрэг дээр гулз, хайнагийн хоёр сүмийг байгуулсан аж. Галдан бошготын байгуулсан сүм хийдүүд нь шашны гүн ухааныг судалдаг, сургадаг, номлодог, шарын шашны дэг жаягийг баримталдаг иж бүрэн үүрэгтэй байсан бөгөөд үүгээрээ ч Зүүнгарт шашин дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж Монголын шашин, соёлын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан учир түүнийг XVII дугаар зууны үеийн Монголын шашны нэрт зүтгэлтнүүдийн нэг гэж үзнэ хэмээн тэмдэглэсэн байна.