Ховд аймаг 2024 оныг
"ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ-ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон зарласан.
Энэ зорилтын хүрээнд хийх нэг чухал ажил бол аймаг, сумын гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж цогцоор нь шийдвэрлэх явдал юм.
Камержуулалтын ажилд нийтдээ 5.4 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан, өнгөрсөн хугацаанд камержуулалтын тооцоо судалгааг гаргаж, ямар ямар цэгүүдэд камер суурилуулах талаар иргэд олон нийтээс санал авч ажиллажээ.
Мөн камержуулалт ногоон бүс ажлыг хийж гүйцэтгэх тендер зарласан байна.
Аймгийн төв буюу Жаргалант сумын камержуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Элсис инженеринг” ХХК, “Бодь электроникс” ХХК тус тус шалгарчээ.
Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг
“Элсис инженеринг” ХХК-ийн төлөөлөлтэй өнөөдөр /2024.02.16/ уулзлаа.
Уулзалтаар:
Камержуулалт ногоон бүсийн нэгдүгээр ээлжийн ажил буюу Жаргалант сумын камержуулалтын ажилтай танилцаж, камержуулалтын ажлыг үр дүнтэй хийж гүйцэтгэх талаар талууд санал солилцов.
Мөн ажил хариуцсан албан тушаалтнуудад дээрх ажилтай холбоотой үүрэг чиглэл өглөө.
Ингэснээр камержуулалтын нэгдүгээр багц ажил эхлэхэд бэлэн болж байна.
Энэ ажлын хүрээнд Жаргалант сумын 89 цэгт 300 камерын суурилуулалт хийгдэх юм.
Камержуулалтын ажлын үр дүнд гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, гэмт хэргийн гаралт буурна гэж үзэж байна.