Монголын даамын холбоо, Ховд аймгийн даамын холбооноос 100 буудалт даамын "ХОВД-2023" Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны зургаадугаар сарын 23-30-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгуулав.
Даамын спортыг иргэд, олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэ удаагийн тэмцээнийг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ивээл дор зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.
100 буудалт даамын "ХОВД-2023" Улсын аварга шалгаруулах Эрэгтэйчүүдийн 46 , Эмэгтэйчүүдийн 33 дахь шигшээ тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд:
Олон улсын их мастер Дөлийн Эрдэнэбилэг 22 оноогоор 15 дахь удаагаа түрүүлж алтан медалийн эзэн болсон бол Олон улсын их мастер Равжирын Манлай 19 оноогоор мөнгө, спортын мастер Зундуйн Ганбаатар 17 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн ангилалд:
Спортын мастер Баатархүүгийн Анужин 20 оноогоор анх удаа түрүүлж улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний алтан медалийн эзэн болсон бол Дэлхийн даамын холбооны мастер Норовсүрэнгийн Лхагвадолгор 19 оноогоор мөнгө Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин мөн 19 оноогоор хүрэл медалийн эзэн болов.
100 буудалт даамын "ХОВД 2023" Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргуудын шагналыг өнөөдөр /2023.07.02/ аймгийн Засаг дарга Э.Болормаа, Монголын даамын холбооны ерөнхийлөгч Ц. Эрдэмбилэг, Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр, аймгийн Даамын холбооны тэргүүн Б.Дүгэржав нарын албаны төлөөлөл гардуулан өгч баяр хүргэв.
Монгол Улсын шилдэг 14 эрэгтэй 14 эмэгтэй тамирчид ийнхүү Баруун бүсийн тулгуур төв Ховд хотноо найман өдрийн турш оюуны спортын нэгэн төрлөөр уралдаж улсын аваргуудаа тодрууллаа.