“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран
“ЗАЛУУ МАЛЧДЫН ЧУУЛГАН, МАЛЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН”-ийг зохион байгууллаа.
Өнөөдөр /2023.06.13/ болсон “МАЛЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН”-нд малчдын төлөөлөл, салбарын мэргэжилтэн гээд 300 орчим хүн оролцов.
Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа нээж Төрийн дуулал эгшиглэснээр эхэллээ.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцогчдод хандан үг хэлсэн бол Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Лхагва мэндчилгээ дэвшүүлэв.
Мөн:
-Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ,
-Малчин биржийн арилжаанд оролцох боломж, үр ашиг,
-Малчдын бизнес, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх,
-Малчин ба Хоршоо сэдвээр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Түүнчлэн:
-Мал маллах арга туршлага, сургамж, зөвлөгөө,
-Хөдөөгийн сэргэлт малчдын үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэлт,бизнесийн хөгжил, аялал жуулчлал,
-Аймгийн аварга малчин, хошой аварга малчин шалгаруулах журам гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зөвлөгөөнөөс:
-"Аймгийн аварга малчин өрх” шалгаруулах журмын шинэчлэх,
-Малыг тоо толгойг өсгөх биш чанарт анхаарах. Ингэхдээ малын өвчлөл гарах, сүргийн эргэлтийг бүрэн сайжруулах боломжгүй учраас бусад аймгаас эцэг мал авчрахгүй. Харин аймаг дотроо эцэг малаар цөм сүргээ сайжруулах,
-Бэлчээрийнхээ даацад тохирсон цөөн тооны малтай байж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд залуу малчдыг түлхүү оруулах,
-Малын эрүүл мэндэд анхаарч эдийн засгийн эргэлтэд оруулах,
-Ховд аймагт одоогоор зоотехникч-12, малын эмч-44 ажиллаж байна. Энэ нь аймгийн хэмжээний малчдад хүрч үйлчлэхэд учир дутагдалтай байгаа учир яаралтай боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарах зэрэг асуудлыг тусгасан “ЗӨВЛӨМЖ” гарган хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо.
Зөвлөгөөний төгсгөлд нэр бүхий малчдыг аймгийн Засаг даргын
“ӨРГӨМЖЛӨЛ”, Хүнс хөдөө аж ахуйн газрын
“ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнаж урамшуулав. Мөн Хөгжил политехник коллежийн Малчны ангид суралцан төгссөн залуу малчдад
“ГЭРЧИЛГЭЭ” гардуулж амжилт хүслээ.