Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд гадаадын хувь хүн, хуулийн этгээдээс
“Их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ” гэх агуулгатай хуурамч мэдээлэл ирүүлэн залилах тохиолдол сүүлийн үед их гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Энэ төрлийн залилан нь хөрөнгө оруулагч талын харилцдаг банкнаас хүлээн авсан гүйлгээний баримт гэж харагдахуйц хуурамч (гадаад төлбөр тооцоонд ашиглагддаг
“СВИФТ” системийн мессежийн стандартад нийцэхгүй) бичиг, баримтыг хавсарган иргэд, олон нийтийн итгэлийг олох замаар хохирогчдоос их хэмжээний мөнгөн шилжүүлэг авах замаар үйлдэгддэг байна. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд энэ төрлийн залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, өмнө нь уулзаж, харилцаж байгаагүй, цахим орчинд холбоо тогтоосон этгээдэд банкны данс, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллээ илгээхгүй байх, аливаа хэлбэрээр мөнгөн шилжүүлэг хийхээс зайлсхийх хэрэгтэй юм.
Түүнчлэн гадаад улсад байгаа этгээдтэй бизнесийн харилцаа үүсгэж буй тохиолдолд мэргэжлийн хуульч, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч болон тухайн улсын Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газраас мэдээллийн үнэн зөв байдлыг тодруулах арга хэмжээ авч, баталгаатай эсэхийг сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.