Монголын волейболын холбооны нэрэмжит 2023 оны
“Баруун бүсийн Идэрчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 13-16-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай болж байна. Тэмцээнд баруун таван аймгийн Идэрчүүдийн эрэгтэй, эмэгтэй 12 багийн 150 гаруй тамчирчин оролцож, 84 багц медалийн төлөө хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Монголын волейболын холбоо, Ховд аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ, аймгийн волейболын холбоо хамтран зохион байгуулж байгаа уг тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.03.13/ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗД-ын орлогч Т.Дэлгэрсайхан болон албаны бусад төлөөллүүд оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээний эхний 3 байрт шалгарсан баг тамирчид гуравдугаар сарын 27-ноос 4-р сарын 3-ны өдрүүдэд Хэнтий аймагт болох
“Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох эрхтэй болох юм.
Волейболын спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах, туршлага солилцох, монголын волейболын ирээдүй болсон хүүхэд залуусыг бэлтгэн гаргах зорилгоор “Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 1973 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Тэгвэл баруун бүсийн тэмцээн нь Ховд аймагт 4 дэхь удаагаа болж буйгаараа онцлогтой. Бүсийн тэмцээнд Ховд аймгийн эрэгтэй баг 2013 оноос хойш тасралтгүй алтан медаль, эмэгтэй баг мөнгө, хүрэл медаль хүртэж ирсэн түүхтэй. Харин 2019 оны "Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн"-д Ховд аймгийн эмэгтэй баг тамирчид анх удаагаа алтан медаль хүртэж байсан юм.
ВИДЕО: