Аймгийн Онцгой комиссын хурал боллоо. Хуралд гишүүдийн 95 хувь нь оролцож, Мөст суманд гарсан тарваган тахлын хүний өвчлөлтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэн тогтоол, шийдвэр гаргав.
Ойрын хавьтал буюу тусгаарлалтад байсан иргэдээс халдвар илрээгүй учраас өнөөдөр /2022.09.23/ 11:00 цагт 14 айл өрх, 3 цэгийн хөл хориог цуцалж хэвийн горимд шилжүүллээ. Хорио цээрийн зургаан хоногийн хугацаанд Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төв, Цагдаагийн газраас 50 гаруй хүн үүрэг гүйцэтгэн ажиллажээ.
Цаашид аймгийн төв рүү орж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийнэ. Тарвага, тарваганы мах тээвэрлэсэн зөрчил илэрвэл хурааж, Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч шинжлүүлсний дагуу устгалд оруулж ажиллахаар шийдвэрлэв.
Мөн тарваган тахлын халдварын улмаас амь насаа алдсан иргэнд журмын дагуу эрүүл мэндийн тусламж үзүүлсэн эсэхэд хяналт хийхийг Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт, -Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шалгаж буй хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай болгон иргэд олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангаж ажиллахыг хууль хяналтын байгууллагад тус тус үүрэг болголоо.
Энэ удаагийн Онцгой комиссын хурлаар улс, аймгийн нөөцөд өвс тэжээл бүрдүүлэх, Үенч суманд өвс тэжээлийн агуулах барих зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэж мөн шийдвэр гаргалаа.