НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр /2022.04.27/ аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан нь алслагдсан бүс нутгийн хөгжил, иргэдийн эрүүл мэнд тэр дундаа “Хүүхэд бүрийн төлөө” үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг.
Иймээс уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цаашид хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, боловсролын байгууллагын ариун цэврийн байгууламжийг сайжруулахад хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх санал тавилаа.
Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, ахлах зөвлөх Б.Цогтбаатар нар Ховд аймгийн нийт хүн амын 30 гаруй хувийг эзэлж буй бага насны хүүхдийн шүдний өвчлөлийг эмчилж эдгэрүүлэх, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх боломж байгаагаа илэрхийлэв.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Ховд аймгийн Эрүүл мэнд, боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Хамгийн сүүлийн жишээ дурьдахад 2021 онд Коронавирусний эсрэг вакцин хадгалах зориулалттай 188,4 сая төгрөгийн өртөг бүхий хөргүүрийг эрүүл мэндийн 25 байгууллагад олгосон юм.
ВИДЕО: