Сум, аймаг, бүсийн баяр наадамд ажнай хурдан хүлэг морьдоо уяж уралдуулан олон удаа түрүү, айраг авсан амжилтаа үнэлүүлж Ховд аймгийн Зэрэг сумаас хоёр уяач
“Аймгийн алдарт уяач” цол хүртсэн. Тэдний нэг нь Зэрэг сумын Эхэн багийн уяач Д.Ганболд юм. Аав нь уяач хүн байсан учир аавынхаа хурдан морины хусуурыг өвлөн авч, хөлстэй байлгая хэмээн 1998 оноос эхлэн морь уяж эхэлжээ.
Тэрбээр 2000 онд Дарви сумын Манлай уяач Түвдэнгийн Алаг морины мялаалга наадамд өөрийн унаган хээр морио хязаалан насанд нь уяж уралдуулан айргийн таваар хурдлуулан анхны айргаа авч байжээ. Тэр цагаас хойш баг, сум, аймаг, бүсийн чанартай уралдаан наадамд амжилттай оролцож 50 гаруй айраг түрүү авсан амжилт үзүүлсэн байна.
Түүний хувьд Их нас, Соёолон, Хязаалан, Даага гэсэн 4 насны хурдтай. Адууныхаа өв соёлыг хадгалж, үүлдэр угсааг нь чанаржуулах үүднээс Дорнод аймгаас хурдан удмын азарга авч ирж, адуун сүргээ чанаржуулсан хэмээн ярьлаа.
Алдартын энгэрийн тэмдэг, залаа малгайг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг гардуулж баяр хүргэв.
ВИДЕО: