Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтан Ховд аймгийн БОЭТ-өөс
“Алтан чагнуур-2022” урлагийн бага наадмыг өнөөдөр /2022.03.26/ зохион байгууллаа. Эмч нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны нөхөрсөг байдлыг бий болгох, эмч нарын урлагийн авьяас билгийг нээн тодруулж, хөгжүүлэх, ардын урлагыг өвлүүлэхэд уг арга хэмжээний зорилго нь оршиж байна.
Урлагийн бага наадамд 80 орчим эмч нар оролцож, мэргэжил чиг үүргийнхээ хүрээнд 6 багт хуваагдан багийн мэндчилгээ, дуэт дуу, хамтлаг бүжиг, яг түүн шиг хөгжөөнт номинаци гэсэн 4 төрөлд авьяас билгээрээ өрсөлдлөө.
Тэмцээнээс эхний 3 байрыг шалгаруулж шагнаж урамшуулсан бөгөөд тэргүүн байрыг Поликлинкийн эрхлэгч, их эмч Л.Бадамхорлоо ахлагчтай баг, дэд байрыг “Дэмжих төв”-ийн эрхлэгч, их эмч Б.Сүхнаран ахлагчтай баг, гутгаар байрыг Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Н.Баясгалмаа ахлагчтай баг тус тус эзэллээ.
Ховд аймгийн БОЭТ нь нийт 500 гаруй эмч, ажилчидтай. Үүний 128 нь эмч нар бөгөөд 80 орчим хувийг нь залуу эмч нар эзэлж байна.
ВИДЕО: