Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Манхан сумын харьяат, сумын заан Г.Батзориг түрүүлжээ



XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдааныг 2022 оны 01 дүгээр сарын 30-нд Ховд их сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа. Энэхүү барилдаанд аймгийн арслан нэг, аймгийн заан нэг, аймгийн харцага нэг, аймгийн нэмэх начин нэг, аймгийн начин ес, сумын заан 20, сумын харцага хоёр, сумын начин долоо, залуу бөх 20 гаруй оролцож уран мэх, бяр хүчийг үзэн барилдлаа. Өөрөөр хэлбэл, Чандмань сумын харъяат, ЗХ-ний 123 дугаар ангийн бөх, аймгийн арслан М.Эрдэнэжаргал, Дөргөн сумын харъяат, аймгийн заан Г.Ариунболдоор манлайлуулсан хүчит 64 бөх барилдсанаас Манхан сумын харьяат, сумын заан Г.Батзориг түрүүлж, Ховд сумын харъяат, аймгийн начин Ж.Мухтар үзүүрлэж, Баян-өлгийн аймгийн Ногоон нуур сумын харъяат, аймгийн начин Д.Алтанбек, Дөргөн сумын харъяат, аймгийн начин Л.Ням-Очир нар шөвгөрлөө.



ЗХ-ний 123 дугаар ангийн нэрэмжит "Уран барилдаанч бөх"-ийн шагналыг Манхан сумын харьяат, сумын заан Г.Батзориг хүртэв.



Жил бүрийн Цагаан сараар аймгийн Засаг даргын зүгээс аймгийн цолтой ахмад бөхчүүдэд гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн сар шинийн баярт зориул сан хүчит бөхийн барилдааны үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар аймгийн цолтой ахмад 15 бөхөд аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардуулан өгч, сайн сайхныг хүсэн ерөөлөө.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ