Аймгийн гоц мэргэн Ц.Пүрэвхүүгийн цолны мялаалга харваа боллоо



Ховд аймгийн хэмжээнд шагайн харвааны спортоор хичээллэдэг 60 гаруй харваач бий. Үүнээс МУ-ын хүндэт харваач 7, аймгийн гоц мэргэн 25, аймгийн мэргэн 12 байдаг байна. Хамгийн отгон аймгийн гоц мэргэн харваач нь Цэвэгжавын Пүрэвхүү. Тэрбээр Эрдэнэбүрэн суманд болсон 2021 оны аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээнд амжилттай оролцож, энэ үеэр монголчуудын үнэт соёлын өв болох үндэсний шагайн харвааны спортыг түгээн дэлгэрүүлэх үйлст оруулсан хувь нэмрээ өндрөөр үнэлүүлж "Аймгийн гоц мэргэн цол" хүртэж тэмдэг, үнэмлэхээ гардан авчээ. Иймээс аймгийн гоц мэргэн цолны мялаалга харваагаа өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн спортын төв ордонд зохион байгууллаа. 


 
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн шагайн харваан холбооны тэргүүн Б.Сандагсүрэн тэргүүтэй Ховд аймаг дахь Цагдаагийн газрын удирдлага хамт олон, шагайн харваан спортоор хичээллэгсэд болон түүний гэр бүл найз нөхөд нь оролцов.


 
Энэхүү тэмцээн нь багийн болон цуваа харваа гэсэн 2 төрлөөр явагдсан юм. Тэмцээнд МУ-ын хүндэт харваач Д.Сүхбаатар тэргүүтэй аймгийн гоц мэргэн 8, аймгийн мэргэн 5, залуу харваачид гэсэн нийт 60 харваач зорин ирж, гоц мэргэнээ сорин үзлээ.



Тэрбээр 2017 оноос эхлэн аймгийн гоц мэргэн Нармандахын удирдлага дор үндэсний шагайн харвааны спортоор хичээллэж эхэлжээ. Шагайн харваанд дурлаж, хичээллэж ирсэн энэ 4 жилийн хугацаанд аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээнээс 3 алт, Улсын баяр наадмаас 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.  Ховд аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад тэрбээр ажлынхаа хажуугаар мэргэжил нэгт алба хаагчдаа энэхүү спортоор хичээлүүлж, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын харьяа Шонхорууд багийг байгуулан, монгол шагайн харвааны дэг жаягыг залуу хойш үедээ өвлүүлэх, баг хамт олон харваачдын ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа туршлагатай харваачдын нэг юм. 



Тэмцээний нийлбэр дүнгээр багийн харваанд:
-Аймгийн гоц мэргэн Б.Нармандах ахлагчтай Хос алтай баг 1-р байр,
-Аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай ахлагчтай Ховд дулааны станц ТӨХК-ийн 2-р баг 2-р байр,
-Аймгийн гоц мэргэн М.Энхжаргал ахлагчтай Ховд дулааны станц ТӨХК-ийн 1-р баг 3-р байр тус тус эзэллээ.
Цуваа харваанд:  аймгийн гоц мэргэн М.Энхжаргал, Г.Хадбаатар, Б.Мөнгөншагай, аймгийн мэргэн Г.Тэмүүлэн, залуу харваач Б.Галбаяр нар эхний 5 байрт шалгарлаа. 

ВИДЕО:












Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ