Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг анхан шатны нэгж бол баг. Тиймээс шинээр сонгогдож, томилогдсон Багийн Засаг нарт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн шинэчилсэн журам болон бусад холбогдох хууль, тогтоомжуудыг үйл ажиллагаандаа зөв хэрэглэх, аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн зорилго, зорилтуудын талаар танилцуулах замаар чадавхжуулах шаардлага байгаа юм. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ, Статистикийн хэлтэс,Тогтвортой амьжиргаа III болон BEST төсөл хамтран хөдөөгийн 16 сумын 79 багийн засаг дарга нарыг хамруулсан 2 өдрийн чадавхжуулах сургалт, зөвлөгөөнийг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Ховд аймаг 17 сумын 91 багтай. Үүний 12 нь аймгийн төвд, 16 нь сумын төвд, 63 нь хөдөөгийн баг. Энэ жилийн хөдөөгийн сумдын багийн Засаг дарга нарын сонгуулиар 44 нь анх удаагаа, 35 нь 2 болон түүнээс дээш жил сонгогдон ажиллаж байна.
Сургалтаар ЗДТГ-аас “Алсын хараа-2050, МУ-ын хөгжлийн хөтөлбөрүүдийн бодлогын бичиг баримтын тухай, Аймаг орон нутгийг хөгжүүлэхэд Засаг дарга нарын үүрэг оролцоо, гэсэн сэдвээр мэдээлэл хүргэлээ.
Мөн Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, ИТХ, Эрүүл мэндийн газар, Хөдөө аж ахуйн газраас холбогдох мэргэжилтнүүд багийн Засаг дарга нарт мэдээлэл хийж, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцож байна. Ийнхүү хөдөөгийн сумдын багийн засаг дарга нар сургалтад хамрагдсанаар төр засгийн бодлого шийдвэр, багаас иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар багуудад хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдэд оролцох иргэдийн оролцоо, ил тод байдал сайжирна гэж үзэж байна.
ВИДЕО: