"Эрүүл эр хүн" дэд хөтөлбөр батлагдав



Ховд аймаг нь 2021 оны урьдчилсан тооллогын дүнгээр 90533 хүн, 22816 өрхтэй болж, хүн амын 49.9 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. 
Хүн амын амьдралын чанарыг илтгэх дундаж наслалт 2020 оны байдлаар 73.1-д хүрч өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр өсөж, эрэгтэйчүүд 69.35, эмэгтэйчүүд 75.38 насалж дундаж насны зөрүү 6.03 байна. 

Манай аймагт эрчүүдийн эрүүл мэндэд зонхилон тохиолдох эмгэгийг эмчлэх тусламж үйлчилгээг урологи, андрологийн мэс заслын эмч 1, бэлгийн замаар дамжих халдварын эмч 1, дунд мэргэжилтэн 1 гэсэн бүтэцтэйгээр үйлчилгээ үзүүлж байна. 

Судалгаанаас харахад эрүүл мэндийн байгууллагад хандаж буй эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 2.3 дахин доогуур, эрэгтэйчүүдэд зориулсан эмнэлэг, кабинет, мэргэшсэн эмч байдаггүйгээс асуудлаа шийдвэрлүүлж чаддаггүй, залуучуудын дунд бэлгийн замын дамжих халдвар нэмэгдэх хандлагатай, эрчүүдийн осол гэмтэл гадны бусад нөлөө, хавдрын шалтгаант нас баралтаар эндэж байгаа нь дэлхийн дунджаас дээгүүр, 45-64 насны эрэгтэйчүүдийн дунд зүрхний ишеми өвчний шалтгаант нас баралт эмэгтэйчүүдийнхээс 4.7 дахин, тархинд цус харвалтын өвчний шалтгаант нас баралт 2.0 дахин их байгаа нь архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, дасгал хөдөлгөөний дутагдалтай холбоотой, сүүлийн жилүүдэд эрчүүдэд түрүү булчирхайн томролт, шохойжилт, хортой, хоргүй хавдрууд, эвэрхий, төмсгийн судасны өргөсөлт, бөөрний эмгэг, чулуужилт, үргүйдэл, бэлгийн сулрал зэрэг эмгэгүүд олонтоо оношлогдож байна. 

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт дундаж наслалтыг нэмэгдүүлэх, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” үндэсний хөтөлбөрт эрэгтэйчүүдэд зориулсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тасаг, кабинетыг аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллуулж, хүний нөөц, техник тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай заалтуудыг баталж, Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл чийрэг эр хүн” арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Дээрх хууль эрх зүйн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, эрчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулан, шаардлагатай тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлж, зонхилон тохиолдох өвчин эмгэгийг бууруулах зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 63 дугаар тогтоолоор “ЭРҮҮЛ ЭР ХҮН” дэд хөтөлбөрийг баталсан.

Энэхүү хөтөлбөрийг аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан 2021-2024 онуудад улсын болон байгууллагын дотоод нөөц, орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрээр санхүүжүүлж хэрэгжүүлэх юм. 
“Эрүүл эр хүн” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:
• Эрчүүдийн эрүүл мэндийн зөв дадал хэвшил, хандлага бий болж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах санаачилга нэмэгдсэн байна. 
• Эрчүүдэд зориулсан эрүүл мэндийн цахим сайттай болж эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөөг авах боломж бий болно. 
• Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эрэгтэйчүүдийн /Андрологийн/ кабинет байгуулагдаж эрчүүдийн нөхөн үржихүйн эрхтний өвчин эмгэгийг оношлон эмчилж үйлчилгээ авах нэгж бий болно. 
Тус дэд хөтөлбөрийн хэрэгжилт, гүйцэтгэлийг зохион байгуулах ажлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хариуцаж зохион байгуулна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ