Аймгийн Онцгой комиссын гишүүд 90 хувийн ирцтэй хуралдлаа



Өнөөдөр /2021.08.31/ аймгийн Онцгой комиссын гишүүд 90 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар коронавируст халдварын тархалт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээний үр дүнгийн талаар чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын мэдээлэл сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.

Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай, малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, мал, махны үнэ ханшийн өсөлтөд ямар зохицуулалт хийж бууруулах зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн зохих шийдвэр гаргалаа.



Хурлаас гаргасан шийдвэрээс онцолбол:

ЕБС-ийн үйл ажиллагааг цахим болон танхимаар зохион байгуулна

-Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тархалт нэмэгдсээр байна. Ийм цаг үед хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах асуудалд эцэг эхчүүд хариулт хүлээж байна. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хурлаас Их дээд сургууль, коллеж, ЕБС-ийн сургалтыг ЭМЯ, БШУЯ-ны сайдын хамтарсан тушаалаар баталсан “ТҮР ЖУРАМ”-ын дагуу цахим болон танхимаар эхлүүлэхээр боллоо. Халдварын тархалт их байгаа учраас 1-6 дугаар ангийн сурагчдын хичээлийг 9 дүгээр сарын 10 хүртэл цахимаар, 7-12 дугаар ангийн сурагчдын хичээлийг танхимаар эхлүүлнэ. Харин СӨБ-ын байгууллага буюу цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэх асуудлыг халдварын тархалтын нөхцөл байдлыг харгалзаж 09 дүгээр сарын 10-аас дахин хэлэлцэж шийдвэр гаргахаар боллоо.



Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээг Спортын ордонд авна

-Аймгийн Биеийн тамир, спортын ордны Спорт зааланд “Шинжилгээний цэг”-ийг байршуулж тогтсон цагт зааврын дагуу халдваргүйтгэл хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зохион байгуулах. Ингэхдээ шинжилгээ өгөх иргэдээс асуумж авах 2 эмч, эерэг гарсан иргэдэд газар дээр нь зөвлөгөө өгөх эмчийг тус тус томилж ажиллуулна. Биеийн байдал нь хөнгөн бол Өрхийн эмчийн хяналтад авч, эмчилгээний багцыг өгөх, хүндэвтэр, хүнд бол “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтүүлэн эмчилж байхаар боллоо.

БОЭТ-ийн зарим тасгийг нэгтгэж Дотрын тасагт 60 ор дэлгэлээ

-БОЭТ-ийн Дотор, Зүрх судас, Мэдрэлийн тасгийг нэгтгэн Дотрын тасагт коронавируст халдвартай иргэдийг эмчлэхээр 60 ор дэлгэн, 4 хүний бүрэлдэхүүнтэй эмнэл зүйн баг томилж өнөөдрөөс эхлэн өвчтөнүүдийг хүлээн авлаа. Дээрх тасгуудад хэвтэн эмчлүүлж байсан хүнд өвчтөнүүдийг БОЭТ-д хүндэвтэр болон хөнгөн өвчтөнүүдийг “Мөнгөн морьт”, “Мөнх цохилохуй”, “Очир сүлд” зэрэг хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх, даатгалаас олгох санхүүжилтийг журмын дагуу олгох учир ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлэх үүрэг чиглэлийг өглөө.



Махны нөөц бүрдүүлж, үнэ бууруулах ажлыг зохион байгуулна

-Мөст, Мөнххайрхан, Алтай, Үенч сумдад гарсан малын гоц халдварт Шүлхий өвчний тархалтыг хумих, ариутгал халдваргүйтгэлийг зохих журмын дагуу чанартай хийх, вакцин Монгол Улс, Ховд аймагт оруулж иртэл чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд тухайн орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллахыг үүрэг болголоо. Мөн мал, махны үнэ нэмэгдэж байгаа учраас махны нөөц бүрдүүлэх замаар үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр бууруулах асуудалд анхаарч ажиллахаар болов.

Аймгийн ОК-ын гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж Шуурхай штабын даргыг өөрчиллөө

-Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Ерөнхий аудитор Б.Болдбаатар, Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ч.Уранчимэг нарыг аймгийн Онцгой комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд оруулж “Шуурхай штаб”-ын даргаар Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг томиллоо. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-ыг өдөр тутам, аймгийн Онцгой комиссыг шаардлагатай тохиолдолд шуурхай хуралдуулж зохих шийдвэрийг гаргаж байхаар тогтлоо. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ