Баруун бүсийн хурдан морьдын уралдаанд зориулсан хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын харцага О. Хангай түрүүлэв



Монголын Морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны 8 жилийн ойд зориулсан баруун бүсийн хурдан морьдын уралдаанд зориулсан хүчит бөхийн барилдааныг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Тус барилдаанд Ховд, Увс, Говь-Алтай, Дундговь-Өвөрхангай, Булган зэрэг аймгийн харьяат улс, аймгийн цолтой нийт 96 бөх зодоглолоо.



Тухайлбал, Монгол Улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан, Монгол Улсын харцага Б.Бат-өлзий, О.Хангай тэргүүтэй улсын цолтой 9, аймгийн хурц арслан Б.Баянмөнх, аймгийн арслан Н.Батсайхан тэргүүтэй аймгийн цолтой 50 гаруй бөхчүүд зодоглон хурд хүч, уран мэхийг уралдуулан барилдав.



Их шөвөгт Монгол Улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан, Монгол Улсын харцага Б.Батөлзий, О.Хангай нар шалгаран үлдсэнээс Монгол Улсын харцага О. Хангай түрүүлж, Монгол Улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.


Түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдийн шагналыг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Т.Дэлгэрсайхан нар гардуулж баяр хүргэлээ.


Энэ удаагийн бөхийн барилдааны хөлийн цэцээр аймгийн арслан Р.Галсандаваа, аймгийн заан Г.Нямандэлэг, Д.Уламбаяр нар, хүндэт гарын даагаар Б.Шоовдой, ахлах гарын даагаар С.Загдсүрэн гарын даагаар Д.Авирмэд, Б.Батмөнх,Т.Амарсайхан нар хаяавчаар Ч.Адилбиш Н.Эрхзаяа нар, засуулаар Улсын цолчин засуул П.Буджав, П.Нямсүрэн нарын 9 хүн тус тус ажиллав.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ