Ахлах ахлагч Э.Даваажамц 2127 км зам туулж хэт холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоолоо



Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Улаанбаатар хот хүртэл 1500 км гүйхээр аймгийнхаа төв талбайгаас 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр замд гарсан юм. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэрбээр туулах зайгаа нэмэгдүүлж Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэл гүйхээр шийдэж өдөрт 40-45, 50-60, зарим үед 90 км гүйсээр зорьсон зорилгодоо хүрлээ.  

Тэрбээр эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйж 2127 км зам туулан өнөөдөр /2021 оны долоодугаар сарын 17-ны 16:00 цагт/ Дорнод аймгийн төв Чойбалсан хотод барианд орлоо. Барианд ороход нь тус аймгийн Зэвсэгт хүчний 327-р ангийн хамт олон, иргэд угтан авч, нэр бүхий алба хаагч хамт гүйж хүндэтгэл үзүүлэв. Үүний дараагаар тус аймгийн удирдлагуудын хамтаар "Ялалтын хөшөө"-нд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. 

Эр хүний зориг зүрх, Монгол цэргийн тэсвэр, хатуужил, омогшил бахархлыг харуулж түүхэн амжилт гаргасан Э.Даваажамц  46 хоногийн турш тасралтгүй гүйлээ. Өнгөрсөн өдрүүдэд халуун нартай, хүйтэн бороотой, шороон шуургатай өдрүүд цөөнгүй байсан ч шантралгүй гүйсээр 2127 км зам туулан хэт холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоож чадлаа.  

Тэрбээр түүхэнд нэрээ, мөрөө тодоос тод үлдээж чадлаа. Ховдын хүү, Ховдын хорооны ахлах ахлагч Э.Даваажамцаар Монголын Зэвсэгт хүчин, Монгол хүн бүр омогшин бахархаж байна. 

Эх сурвалжийн мэдээлсэнээр Э.Даваажамцын гүйхдээ өмссөн хувцсыг "МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ"- д хадгалахаар болжээ.  

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ