Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилга нь 1975 онд анх ашиглалтад орсон түүнээс хойш 2003, 2007, 2013 онд тус тус засварласан байна. Олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудсан учраас барилгыг нь шинэчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий. Тиймээс энэ ажлыг Японы "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд 700,0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хийхээр аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав санхүүжүүлэгч талтай өчигдөр /2021.02.22/ цахимаар гэрээ байгуулжээ.
Эрүүл мэндийн төвийн барилгыг энэ онд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй гэнэ. Ингэснээр өндөр уулын бүс нутагт орших Мөнххайрхан сумын ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, эмч ажилчдын ажиллах орчин нөхцөл илүү сайжирна гэж үзэж байна.