Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав ард иргэдэдээ
"ЦАХИМ МЭНДЧИЛГЭЭ" дэвшүүлжээ. Тэрбээр
"Эвийн хүч
Ихрийн сэтгэлтэй олон угсаатны өлгий болсон Ховд нутгийн зон олон, Монгол орныхоо болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүсээ...
Түүхийн нэгэн хуудас эргэж, Монгол түмэн минь “ХОТОЛ ТӨГС” хэмээх Төмөр Хулгана жилээ үдэж, Цагаагчин Үхэр жилээ угтан авч буй энэхүү мөчид цахим хуудсаараа учран золгож байгаадаа туйлын баяртай байна...
Эрхэм хүндэт ард иргэдээ
Нүүр номын найзуудаа...
Улиран өнгөрч буй Хулгана жилд манай аймагт 2263 эх амаржиж, 2274 иргэнээр бүл нэмэн хүн амын тоо 88950 боллоо. Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, Э.Содномбаяр нарын гэр бүлд 3 ихэр хүү мэндэлж, аймгийнхаа, улсынхаа хүн амыг өсгөлөө. Улиран өнгөрч буй Хулгана жилд малчны хотонд ихэр ботго, 4 ихэр тугал, 4 ихэр хурга, 4 ихэр ишиг мэндэлж төл мал өслөө. Улсынхаа хил хязгаар, өргөн уудам нутагтаа эзэн болсон 8000 орчим малчид маань мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж өмнөх оныхоос 200 гаруй мянган толгойгоор нэмэгдүүлж малын тоо 3 сая 300 орчим боллоо.
Дэлхий нийтийг цочроосон аюулт цар тахлын халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, даван туулах амаргүй цаг үе та биднээс сонор сэрэмж, өндөр хариуцлагатай байхыг сануулсаар байна.
Ховдчууд та бидний хувьд улиран өнгөрч буй Хулгана жил амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон томоохон төслийн ажлыг гараанаас нь хөдөлгөсөн түүхэн жил болон өнгөрлөө. Ажилч хичээнгүй, бүтээлч ард иргэд, хамт олныхоо дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд баруун бүсийн хөгжлийг тодорхойлохуйц “ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ”-ын ТЭЗҮ-ийг боловсруулж, “ХОВД-ЭКО” цементийн үйлдвэрийн барилга, угсралтын ажлыг эхлүүлэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах “ШИНЭ ХОВД” Үйлдвэр технологийн паркийн “ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ”-ийн барилгын ажлыг дуусгаж, тоног төхөөрөмж угсралтын ажлыг 80 хувьтай хийлээ. Үүнээс гадна иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан “ШУДАРГА ЁС”-ыг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажилласны үр дүнд 2020 онд “ХАРИУЦЛАГАТАЙ ТУНГАЛАГ ТӨР” хөтөлбөрийн хүрээнд төрийн 8 байгууллага үйл ажиллагаандаа “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ISO 9001” Олон улсын cтандартыг нэвтрүүллээ.
Мөн Жаргалант суманд 50 ортой Хүүхдийн эмнэлэг, Хөгжил политехник коллежийн 1000 оюутны хичээлийн байр, 4 суманд Спорт заал, 3 суманд Соёлын төв, Алтай сумын сургуулийн өргөтгөл, Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн өргөтгөлийг барьж ашиглалтанд оруулахын зэрэгцээ Ховд сумын сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүллээ. Жил, жилд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр дүнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж чадлаа.
Одоо бид “ХҮНИЙ ХӨГЖИЛ”- ийн асуудалд түлхүү анхаарч ажиллана. Тийм ч учраас 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Ховд аймгийн эдийн засаг, нийгмийг 2021-2025 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН СТАНДАРТТАЙ ШИНЭ ХОВДЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” гэсэн уриа бүхий үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна.
Айлчлан ирж буй Үхэр жилд Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ховд аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна. Тиймээс түүхэн энэ ойг угтан бид бүхэн Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлаас гадна 90 бүтээлч ажил өрнүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Ингээд та бүхэндээ сар шинийн мэндийг дахин хүргэж
Хүн бүр ЭРҮҮЛ САРУУЛ
ЭНХ ТУНХ жаргахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" гэжээ.