Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цахим хуудаснаа дараах мэдээлэл, уриалгыг нийтэлжээ. Тэрбээр "2021 оны 01 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос ирж байсан иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр шинжилгээ авахад 2 иргэнээс коронавирусний халдвар илэрч, мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр халдвартай болон хамт ирсэн нийт 43 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотруу буцааж байсан юм. Тухайн үед халдвартай ч гэсэн нутгаа зориод ирсэн иргэдийг буцаах нь зөв, буруу хэмээн иргэд цахим орчинд шүүмжилж байсан ч энэ нь аймгийн Онцгой комиссоос 90 мянга орчим иргэнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө, аймгаа “ЭРҮҮЛ-ЭКО БҮС” хэвээр нь авч үлдсэн чухал шийдвэр байсан. Мөн нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр ирж буй иргэн бүрээс шинжилгээ авч нэвтрүүлж ажилласны үр дүн юм.
Эмчлүүлж байгаа 3 иргэнээс бусад /тусгаарлалтад байсан/ 40 иргэнийг 02-р сарын 5-6-нд аймгийн Онцгой комиссоос зардлыг нь хариуцаж татан авах ажлыг зохион байгуулсан. Эдгээр иргэдээс тогтоосон хоног, хугацаанд нь PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан учраас гэрийн ажиглалт тусгаарлалтад аваад байсан. Өнөөдөр /2021.02.11/ тэдгээр иргэдийн тусгаарлалтын хугацаа дуусч байна" гэжээ.
Түүнчлэн "Одоогоор аймгийн хэмжээнд Улаанбаатар хотоос нийтийн тээвэр болон хувийн унаагаар ирсэн 1153 иргэн гэрийн ажиглалтад байна. Аюулт цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр төр засгаас гаргасан бодлого үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, гэрийн ажиглалтад байгаа иргэд иргэнийхээ үүргийг биелүүлж тусгаарлалтын болон халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөөрэй" хэмээн уриалсан байна.