Коронавирусний халдварын тархалтын хүрээг тогтоох, яаралтай хариу арга хэмжээ авах зорилгоор орон даяар гамшгаас сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гаргасан 178 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр (09:00 цагт) аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб хуралдав. Улмаар орон нутагт олон нийтийн төвлөрлийг сааруулах зорилгоор хэрэгжүүлэх ажлын хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Үүнд, Ховд аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтээс бусад төрлийн үйл ажиллагаа явуулж буй захуудын үйл ажиллагааг 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр хугацаанд хаахаар болов.
Мөн Засгийн газрын 178 дугаар тогтоолд дурдсанаас бусад төрлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 09:00-14:00 цагийн хооронд ажиллахаар боллоо.
Түүнчлэн Алтай, Үенч, Мөст, Жаргалант сумын хяналтын цэгийн тоог нэмэгдүүлж, хяналт шалгалтыг чангатгах юм. Одоогоор аймгийн хэмжээнд найман хяналтын цэг \пост\ ажиллаж буй.
Мөн Шуурхай штабын бүрэлдэхүүний хэрэгжүүлж буй ажил, цаашдын үйл ажиллагааны талаар Засгийн газар, Улсын болон аймгийн Онцгой комисст шууд холбогдож мэдээллэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Ховд аймгийн Онцгой байдлын газар”-т тусгайлсан байр гаргах зэрэг шийдвэр гаргасан юм.