Амны хаалтны үнийг 500 төгрөгөөс хэтрүүлэхгүй худалдахаар болжээ



Эмийн сангууд амны хаалтны үнэ ханшийг нэмэгдүүлэн худалдаалж байгаа талаар иргэдээс санал гомдол ирүүлжээ. Иймд Ховд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын зүгээс өнөөдөр Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй эм ханган нийлүүлэх таван төв, 16 эмийн сангийн эрхлэгч нартай уулзалт хийлээ. 
Уулзалтын үеэр “Эм, эмнэлгийн тусламжийн тухай хууль”-ийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр эм ханган нийлүүлэх төв, эмийн сангуудтай байгуулсан “Хариуцлагын гэрээ”-нд зааснаар цар тахлын үед амны хаалт, ариутгалын бодис, өргөн хэрэглэгддэг эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг нэмэгдүүлэхгүй байж, нийгмийн хариуцлагаа биелүүлэн ажиллах тухай чиглэл өгөв. 
Мөн тус гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үнийн хөөрөгдөл үүсгэсэн тохиолдолд Ховд аймгийн Онцгой комиссын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тусгай зөвшөөрлийг цуцлах” хүртэлх арга хэмжээ авахыг анхааруулав.
Уулзалтын үр дүнд талууд зөвшилцөж, эмийн сангуудаар дамжуулан стандартын шаардлага хангасан нэг удаагийн амны хаалтыг эм ханган нийлүүлэх төвөөс авч буй үнэ дээр 50 төгрөг нэмж буюу 500 төгрөгөөс хэтрүүлэхгүй худалдаалахаар болжээ.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ